Хүүхдийг нярай үед нь дараах дөрвөн тандалт шинжилгээнд заавал хамруулна

Хорвоод мэндэлсэн шинэхэн хүнтэйгээ эсэн мэнд уулзах, эх үр хоёулаа энх амаржих шиг сайхан зүйл үгүй. Хүүхдийг эхээс төрсний дараах 30 хоногийг нярай үе гэж нэрлэдэг. Хүүхдийг нярай үед заавал хийлгэх шинжилгээ гэж байдаг байна. Ямар нэгэн төрөлхийн өвчин байвал нярай үед нь илрүүлж, эрт эмчлэхгүй бол хойшид гарах үр дагавар нь асар хортой олон эмгэг байдгийг хүүхдийн эмч нар анхааруулдаг. Эдгээр эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд нярайг дараах дөрвөн тандалт шинжилгээнд  төрсний дараах хоёр өдрийн дотор заавал хамруулахыг зөвлөж байна.

Нэгд: Түнхний үений мултрал ба дутуу хөгжлийн тандалт шинжилгээ
Нярайг төрсний дараах 1-2 хоногийн дотор түнхний үений хэт авиа шинжилгээнд хамруулах шаардлагатай. Хэт авиагаар оношилж байгаа тул хүүхдэд ямар нэгэн өвдөлт, хор байхгүй. Түнхний дутуу хөгжил, төрөлхийн мултралыг эрт илрүүлж эмчлээгүй тохиолдолд насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй.

Хоёрт: Нярайн бодисын солилцооны төрөлхийн эмгэгийн тандалт
Хэдийгээр тус эмгэгийн тохиолдлын тоо харилцан адилгүй хэдий ч бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэг нь төрснөөс хойш 7-10 хоногт маш хүнд, амь тэнссэн, эргэшгүй өөрчлөлтийг үүсгэдэг. Эрт үед нь илрүүлэн эмчлээгүй тохиолдолд нярайн эндэгдэлд хүргэх эрсдэл өндөр ба хөнгөн хэлбэрийн үед хөгжлийн бэрхшээлтэй болж болзошгүй. Энэ шинжилгээг хийхийн тулд нярайн хөлийн өсгийнөөс хатгаж цус авдаг. Гэхдээ энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

Гуравт: Сонсголын бэрхшээлийг эрт илрүүлэх тандалт шинжилгээ. 
Сонсголын бэрхшээл нь нярайд хамгийн элбэг тохиолддог эмгэгийн нэг. Тусгай сонсгол шалгадаг аппарат ашиглаж энэ тандалт шинжилгээг хийдэг. Хэрвээ эрт үед нь сонсголын бууралтыг илрүүлэхгүй бол тодорхой зовуурь өгдөггүй учраас цэцэрлэг, сургуулийн насанд хүртэл оношлогдохгүй байх магадлалтай. Хүүхдийн сонсгол бууралтыг оройтож мэдсэнээр цаашдаа хэлгүй, дүлий болох үр дагавартай.

Дөрөвт: Дутуу нярайн ретинопати буюу харааны тандалтын шинжилгээ
34 долоо хоногоос доош тээлтийн настай, 2000 граммаас бага жинтэй төрсөн бол харааны тандалтын шинжилгээ, оношилгоонд хамрагдах шаардлагатай.  Нярайн тандалт шинжилгээ нь холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагддаг боловч сайн дурын үндсэн дээр хийгддэг. Тиймээс гэр бүлийнхний энэ талаарх мэдлэг, мэдээлэл их чухал.  Төрөлхийн болон бодисын солилцооны эмгэгүүдийг эрт оношлон, эмчилгээнд хамруулснаар хүүхдийн эндэгдлийг бууруулаад зогсохгүй уг өвчний улмаас үүсч болох эргэшгүй өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх эрүүл мэндийн төдийгүй эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой юм байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй