Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

StrepB - Б бүлгийн стрептококк илрүүлэх

Пренатал шинжилгээ, Б бүлгийн Стрептококк гэж юу вэ?

Нян буюу бактерийг дотор нь бүлэг болгон ангилдаг. Стафилококк, Стрептококк, Энтеробактер гэх мэтчилэнгээр ангилна. Энэ цаашлаад Стрептококк нь А, Б, Ц, Д гэх мэт бүлэгт хуваагдан задардаг. Б бүлгийн Стрепкокк гэдэг нь Стрептококк-н бүлэгт хамаарах Streptococcus agalactiae нэртэй бактери юм. Энэ бактери нь нийт эмэгтэйчүүдийн 25-30%-д үтрээ болон шулуун гэдсэнд нь колони үүсгэн, ямар нэгэн эмгэг үүсгэлгүйгээр амьдарч байдаг ажээ. 2014 онд манай Гялс АУТ, АШУҮИС, Өргөө амаржих газар хамтран 200 жирэмсэн эхэд Б бүлгийн Стрептококк-г илрүүлэх судалгаа хийхэд манай хүн амд энэ бактерийн тархалт байгаа нь тогтоогдсон.

Энэ шинжилгээг ХЭН өгөх вэ?

ЖИРЭМСЭН эх бүр өгөх хэрэгтэй.

Б бүлгийн Стрептококк ямар өвчин үүсгэх вэ?

Шинэ төрөх нярайд эрт үеийн цусан үжил, хожуу үеийн уушгины хатгалгаа үүсгэдэг тэргүүлэх шалтгаан болох нь 1980-д онд тогтоогдсон. Барууны хөгжингүй орнуудад жирэмсний хяналтын шинжилгээнд багтааж, жирэмсэн эх бүрийг энэ нянг илрүүлэх шинжилгээнд хамруулдаг байна. Мөн жирэмсэн эхэд шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны үрэвсэл үүсгэх давхар боломжтой.

Та хэрхэн илрүүлэх шинжилгээг өгөх вэ?

Жирэмсэн эх та жирэмсний 35-37 долоо хоногтойдоо үтрээ болон шулуун гэдэснээс сорьц өгнө.

Бид шинжилгээг хэрхэн хийх вэ?

Танаас цуглуулсан сорьцод нян ургуулах шинжилгээ хийх бөгөөд шинжилгээг хийхдээ Б бүлгийн Стрептококк-с бусад бактерийг дарангуйлах орцтой тусгай шөлөнд хийж эхний 24 цаг өсгөвөрлөнө. Ингээд Франц улсын Chromagar, Biomerieux компанийн тусгай тэжээлт орчинд сэлгүүлж 24 цаг тохирох хэмд өсгөвөрлөж Б бүлгийн стрептококк байвал ялгаж авна. Үүний дараагаар тохирох антибиотикийг сонгохын тулд Антибиотик мэдрэг чанарын шинжилгээг Франц улсын Biomereuix компанийн бүрэн автомат VITEK 2 аппаратаар тодорхойлж хариу гаргана. Шинжилгээний хариу хувь хүний онцлог, бактерийн ургалт, хэмжээ гэх шалтгаанаас хамаарч 48-96 цагийн дараа гарах ба дунджаар 72 цагт багтан гардаг.

Та шинжилгээний хариуг хэрхэн тайлж унших вэ ?

Энэ шинжилгээний хариуг 2 янзаар гарна. Б бүлгийн стрептококк илэрсэн, эсвэл илрээгүй. Илрээгүй бол Б бүлгийн стреп тухайн шинжилгээгээр илрээгүй байхгүй байна гэж ойлгож болно.

Та Б бүлгийн стрептококк илэрсэн тохиолдолд яах вэ?

Жирэмсний хяналтын эмчдээ заавал мэдэгдэж төрөхийн өмнө тохирох антибиотикийн эмчилгээг хийлгэнэ. Ингэснээр шинэ төрөх хүүхдээ Б бүлгийн Стрептококк нянгийн халдвараас хамгаалж чадна .

Асуулт 1: Б бүлгийн Стреп илрүүлэх шинжилгээгээр бусад нян, вирүс, паразитын халдвар, үрэвслийг давхар илрүүлэх үү?

Хариулт: Үгүй. Зөвхөн Б бүлгийн Стреп байгаа үгүйг л шинжилнэ. Хэрвээ та давхар бусад халдвар, вирүсийг илрүүлэх шаардлага буй бол Нян ургуулах, АМЧ тодорхойлох шинжилгээ, БЗХӨ үүсгэгч илрүүлэх молекулбиологийн шинжилгээ, TORCH шинжилгээг манай бүртгэгч эмч нартай зөвлөлдсөний дүнд өгөх хэрэгтэй .

Асуулт 2. Нян ургуулах, АМЧ шинжилгээг бэлгийн замаасаа өгчихсөн байгаа, энэ шинжилгээгээр илрэхгүй юу?

Хариулт: Илэрч болно. Гэхдээ шулуун гэдэс, үтрээ нь хэвийн болон өвчин үүсгэгч бактериар маш баялаг орчин юм. Тийм учраас бусад бактери Б бүлгийн стрептококк-с илүү хэмжээтэй байвал, ургалт нь дарангуйлагдаж, ялгахад төвөгтэй байдаг учраас илрэхгүй байх магадлал өндөр юм. Тийм учраас Б бүлгийн стрептококк-г илрүүлэх зорилготой бол Б бүлгийн Стрепткокк илрүүлэх шинжилгээг сонгож өгөх нь зүйтэй.

Микробиологи

Антибиотик нь нянгийн ургалтыг дарангуулдаг тул та сүүлийн 3-5 хоногийн дотор антибиотик хэрэглээгүй байвал зохистой/уухаар, тарилгаар, лаагаар/