Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

LH - Шар биеийг идэвхижүүлэгч даавар

Шар биеийг идэвхжүүлэгч даавар (LH) нь эмэгтэйчүүдэд өндгөвчнөөс өндгөн эс ялгарах, эрэгтэйчүүдэд тестостерон ялгарахыг идэвхжүүлдэг даавар юм.

Хэрхэн шинжлэх вэ?

Шар биеийг идэвхжүүлэгч даавар (LH) нь эмэгтэйчүүдэд өндгөвчнөөс өндгөн эс ялгарах, эрэгтэйчүүдэд тестостерон ялгарахыг идэвхжүүлдэг даавар бөгөөд дараах үе зөвлөдөг:

  • Үргүйдэл
  • LH ялгаралд нөлөөлөх өнчин тархины эмгэгүүд
  • Өндгөвч, төмсөгний эмгэгүүдийг оношлох

Эмэгтэйчүүдэд дараах шалтгаантай зөвлөдөг:

  • Сарын тэмдгийн тогтворгүй байдлыг хянах
  • Сарын тэмдгийн үед LH хэмжээг хянаж, үр тогтоход хамгийн тохиромжтой хугацааг тодорхойлох

Хүүхдүүдэд бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу явагдахад FSH болон LH дааврын хэмжээ тодорхойлох шинжилгээг хийж гипоталамус, өнчин тархины булчирхай, өндгөвч, төмсөг болон бусад тогтолцооны ноцтой эмгэгүүдийг илрүүлнэ.

Өндгөвч, төмсөгний үйл ажиллагаа алдагдсан үед гонадотропин суллагч дааврын (GnRH) зохицуулалттай LH-г хэмжин гипоталамус эсвэл өнчин тархины булчирхайд хамааралтайг тогтоодог. GnRH нь гипоталамусаас үүдэлтэй, LH, FSH өдөөгч даавар.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Насанд хүрэгчдийн хувьд дараах үед хийгдэнэ:

  • Эмэгтэйд үр тогтоход хүндрэлтэй болох, сарын тэмдэг тогтворгүйжих
  • Эмэгтэйд цэвэршилт явагдан, сарын тэмдэг татрах
  • Эрэгтэйн тестостероны хэмжээ бага байх, бэлгийн чадавх сулрах, үр тогтохгүй байх
  • Ядрах, сульдах, шалтгаангүй жин алдах, хоолны дуршил буурах гэх мэт өнчин тархины булчирхайн эмгэгийн шинж тэмдгүүд илрэх үед

Хүүхдэд хувьд бэлгийн бойжилт хэт эрт эсвэл хожуу явагдах үед хийгдэнэ. Бэлгийн бойжилтын шинж тэмдгүүд:

  • Охидод хөх ургах
  • Аарцгийн үс ургах
  • Хөвгүүдэд төмсөг, шодой томрох
  • Охидын сарын тэмдэг эхлэх

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Эмэгтэйчүүдэд

LH болон FSH хэмжээгээр анхдагч өндгөвчний эмгэг (өндгөвчний үйл ажиллагаа өөрөө алдагдах, хөгжил дорой) болон хоёрдогч өндгөвчний эмгэгийг (өнчин тархины булчирхай, гипаталамусаас шалтгаалан өндгөвчний үйл ажиллагаа алдагдах) ялгаж болдог.

LH, FSH хэмжээ их байх нь анхдагч өндгөвчний эмгэгийг илтгэнэ. Үүний шалтгаанууд:

Хөгжил доройтсон:

  • Өндгөвч хөгжөөгүй
  • Хромосомын хэвийн бус байдал (Турнерын хам шинж)
  • Өндгөвчний стероид ялгаруулалт гажсан (17 альфа гидроксилазын дутагдал)

Боловсроогүй өндгөвч:

  • Цацраг туяанд өртсөн
  • Хими эмчилгээ
  • Аутоиммуны эмгэгүүд

Өндөр ялгаруулж чадахгүй болох архаг эмгэгүүд:

  • Полицистик өндгөвчний хам шинж
  • Бөөрний дээд булчирхайн эмгэг
  • Бамбай булчирхайн эмгэг
  • Өндгөвчний хавдар

Цэвэршилтийн үед өндгөвчний ажиллагаа буурч, LH түвшин ихэсдэг.

LH, FSH хэмжээ бага байх нь өнчин тархины булчирхай, гипоталамусын эмгэгийг илтгэнэ.

Эрэгтэйчүүдэд

LH түвшин их байх нь анхдагч төмсөгний эмгэгийг илтгэнэ. Энэ нь дараах шалтгаантай байж болзошгүй:

Хөгжлийн гажуудал:

  • Бэлгийн булчирхай хөгжөөгүй
  • Хромосомын хэвийн бус байдал (Клинефелтерын хам шинж)

Төмсөгний үйл ажиллагаа алдагдах:

  • Вирүсийн халдвар
  • Ослоос шалтгаалсан гэмтэл, бэртэл
  • Цацраг туяанд өртсөн
  • Хими эмчилгээ
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Гермийн эсийн хавдар

LH, FSH хэмжээ нь хоёрдогч төмсөгний эмгэгийн үед буурдаг бөгөөд гипоталамус, өнчин тархины булчирхайн эмгэгийг илтгэнэ.

Хүүхдүүдэд

LH, FSH хэмжээ өндөр байх нь хүүхдийн бэлгийн бойжилт хэт эрт явагдсаныг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн охидуудад тохиолдох бөгөөд төв мэдрэлийн тогтолцоотой хамааралтай байдаг. Үүний жишээ:

  • Төв мэдрэлийн тогтолцооны хавдар
  • Тархины гэмтэл, ослоос шалтгаалсан гэмтэл, бэртэл
  • Төв мэдрэлийн тогтолцооны үрэвсэл
  • Тархины мэс ажилбар

LH, FSH хэмжээ хэвийн ч бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд явагдах нь эстроген, тестостероны хэмжээ ихэссэнийг илтгэж болзошгүй. Үүний шинж тэмдгүүд:

  • Даавар ялгаруулагч хавдрууд
  • Бөөрний дээд булчирхайн хавдрууд
  • Өндгөвчний хавдар, цистууд
  • Төмсөгний хавдар

Бэлгийн бойжилт хэт хожуу эхлэх шалтгаанууд:

  • Өндгөвч, төмсөгний үйл ажиллагаа алдагдах
  • Дааврын дутагдал
  • Турнерын хам шинж
  • Клинефелтерын хам шинж
  • Архаг халдварууд
  • Хавдар
  • Тураалын туйл буюу анорекси

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Таталтын эсрэг эм, кломифен, налоксон гэх эмүүд нь LH хэмжээг ихэсгэж, дигоксин, жирэмслэлтээс хамгаалах эм, дааврын эмчилгээ зэрэг нь бууруулна.

Иммунологи

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээний хариунд нөлөөлөх эм хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: эстроген, тестостерон, прогестерон, налоксон, спиронолактон г.м(1)
  2. Шинжилгээ хийлгэхээс 7 хоногийн өмнө цацрагт идэвхит бодисын эмчилгээ хийлгэж байсан бол эмчидээ мэдэгдэх хэрэгтэй.(2)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory test reference 12th edition
  2. https://www.healthline.com/health/lh-blood-test#preparation