Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

LDH - Лактатдегидрогеназа

LDH эсвэл LD шинжилгээ нь олон тооны өвчин эмгэгийг тодорхойлоход хэрэглэгддэг шинжилгээ юм. LD нь биеийн ихэнх эсүүд болон бактериудад агуулагддаг энзим бөгөөд эс устахад цусны сийвэн рүү ордог.

Ямар зорилгоор хийгддэг вэ ?

LDH эсвэл LD шинжилгээ нь олон тооны өвчин эмгэгийг тодорхойлоход хэрэглэгддэг шинжилгээ юм. LD нь биеийн ихэнх эсүүд болон бактериудад агуулагддаг энзим бөгөөд эс устахад цусны сийвэн рүү ордог. Тиймээс цусан дахь LD-ын хэмжээ нь эсийн ерөнхий гэмтлийг харуулна. Мөн LD түвшин нь зарим эмгэгийн үед бусад биеийн шингэнд ихсэж болно. (Тархи нугасны болон цээжний гялтан хальсны шингэн гэх мэт)

Цусны LD шинжилгээ нь хэрэглэгдэхдээ:

  • Архаг болон хүнд төрлийн эдийн гэмтлийг тодорхойлоход
  • Цус задралаас үүдсэн цусны багадалт (hemolytic anemia) болон мегалобластик цус багадалтын үед (megaloblastic anemia), хүнд төрлийн халдварыг оношилж хянахад
  • Хавдруудын үе шат болон зохистой эмчилгээг тодорхойлоход

Биеийн шингэний LD шинжилгээг дараах шалтгаантай хийдэг:

  • Тархи нугасны шингэнээс бактерийн болон вирүсийн гаралтай менингит буюу цусан үжлийг ялгах
  • Цээжний болон хэвлийн гялтан хальсны, үнхэлцгийн шингэний бөөгнөрлийн шалтгааныг гэмтэл, үрэвсэл эсвэл цусны судаснууд дахь даралтын тэнцвэргүй байдлаас болсон эсэхийг тодорхойлдог.

Хэзээ захиалагддаг вэ?

Эсийн болон эдийн гэмтлийн шинжүүд илэрсэн тохиолдолд хийгддэг бөгөөд АЛаТ, АСаТ, ALP гэх шинжилгээнүүдийн хамтаар хийж ямар төрлийн эмгэг байгааг тодорхойлдог. Оношилгооны дараа мөн хянах зорилгоор давтан хийнэ.

Булчингийн гэмтэл болон цус задралаас үүдсэн цус багадалтын шинжүүд илэрсэн тохиолдолд энэ шинжилгээг мөн захиалдаг.

Мөн хавдартай хүмүүст давтан хийдэг шинжилгээний нэг.

Биеийн шингэний шинжилгээг менингитийн шинж илэрсэн мөн зүрх, уушги болон хэвлий орчмоор шингэн хуримтлагдсан үед захиалдаг.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусанд LD түвшин ихсэх нь эдийн гэмтлийг илтгэнэ. Ихэвчлэн эсийн гэмтэл эхэлснээс хойш их хэмжээгээр өсөж, хэсэг хугацааны дараа буурдаг. LD түвшин нь дараах үед өснө:

  • Цус задралаас үүдсэн цус багадалт (hemolytic anemia)
  • Мегалобластик цус багадалтын үед (megaloblastic anemia)
  • ДОХ, менингит, тархи нугасны үрэвсэл, мононуклеоз гэх мэтийн халдварууд
  • Цусан халдвар (Sepsis)
  • Гэдэс болон уушгины цусан хангамж багасах
  • Хүнд төрлийн бөөрний болон элэгний эмгэгүүд
  • Хүнд төрлийн булчингийн гэмтэл
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Ясны цуурал
  • Төмсөгний болон тунгалгийн хавдар эсвэл бусад хавдрууд

Цусанд LD түвшин өндөр байх нь хавдрын эмчилгээг үр дүнгүй байгааг илтгэнэ. Ихэнх тохиолдолд LD түвшин хэвийн болон бага байх нь асуудалгүй байгааг илтгэнэ. Мөн аскорбины хүчил (витамин С) их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд LD түвшин буурдаг.

  • – Тархи, нугасны шингэн – LD түвшин өндөр байх нь бактерийн гаралтай менингит, харин бага байх нь вирусын гаралтай менингит байгааг илтгэнэ.
  • – LD түвшин бага байх нь үнхэлцгийн, цээжний болон хэвлийн гялтан хальсны шингэн гадагшлахыг зүрхний ажиллагаа муудсан эсвэл циррозоос, харин бага байх нь олон шалтгаантай бөгөөд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатайг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Эмгэг биш олон зүйлс LD түвшинд нөлөөлж болно. Үүнд:

  • Хүнд биеийн хүчний дасгал LD түвшинг ихэсгэнэ
  • Сорьцыг цуглуулахад хүндрэлтэй байсан эсвэл буруу нөхцөлд хадгалсан, тээвэрлэснээс үүдэж цус задрал (hemolysis) явагдсан үед LD түвшин хуурамчаар ихсэж болзошгүй.
  • Цусны ялтасын хэмжээ буурсан тохиолдолд цусны эргэлт дахь LD-ын хэмжээ нь бодитой бус, хуурамчаар ихсэж гарна

Урьд өмнө нь LD шинжилгээг зүрхний шигдээсийг оношилж, хянахад хэрэглэдэг байсан бол өнөө үед тропонины (Troponin) шинжилгээ илүү найдвартай оношлох болсон ба LD нь зүрхний эмгэг оношилоход тодорхой биш тул тийм өвчтэй хүмүүст захиалахаа больсон.

Зүрх судасны үйл ажиллагааны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол харлиуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: аскорбины хүчил, аспирин, өвчин намдаах эм, митрамицин, мансууруулах бодисг г.м(1)
  2. Биеийн хүнд хүчир ажил болон дасгал хөдөлгөөн хийгээгүй байх.(2)
  3. Архи согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй байх.(1)

Ашигласан материал:

  1. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12 th edition
  2. Эмнэлзүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н.Мөнхтүвшин УБ 2012 он