Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

HDV load - Элэгний D вирүс тоолох

Хепатит Дельта вирүсийн халдвар гэж юу вэ? 

Хепатит Д вирүс (ХДВ) буюу Дельта Вирүст Хепатит нь дельта вирүсээр үүсгэгддэг элэгний халдвар юм. Зөвхөн Хепатит В вирүсээр халдварласан хүнд халдварлана учир нь дельта вирүс Хепатит В вирүсийн тусламжгүйгээр дангаар олшрох чадваргүй вирүс юм. Хепатит Д вирүсийн халдвар нь богино хугацааны цочмог хэлбэртэй болон урт хугацааны архаг хэлбэртэй байж болдог. Өмнө нь Хепатит В вирүстэй хүнд халдвартай цус, салстын замаар дараалсан (superinfection) байдлаар эсвэл эрүүл хүнд Хепатит В вирүсийн хамтаар халдварлахыг давхар халдвар (co-infection) гэнэ. Хепатит Д вирүсээс сэргийлэх вакцин гэж байхгүй боловч эрүүл хүн Хепатит В вирүсийн эсрэг вакцин хийлгэснээр ХДВ-ээс бүрэн хамгаалагдах боломжтой. Монголд архаг В вирүсийн халдвартай нийт хүмүүсийн 60% нь ХДВ-н давхар болон дараалсан халдвартай байна [Xiaohua Chen, Odgerel Oidovsambuu нарын, doi: 10.1002/hep.28957].

Хэрхэн шинжлэх вэ?

Нүклейн хүчлийн арга буюу Бодит хугацааны Полимеразын Гинжин Урвалын (RT-PCR) аргаар вирүсийн ачааллыг тодорхойлдог.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Хепатит Д вирүсийн эсрэгбие илэрсэн тохиолдолд төлөвлөнө.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ? 

Шинжилгээний хариугаар ХДВ-ийн нүклейн хүчил ‘илрээгүй’ гэсэн хариу гарсан тохиолдолд танд уг вирүсийн нуклейн хүчил илрээгүйг илтгэнэ. Шинжилгээний хариугаар ХДВ-ийн нүклейн хүчил илэрсэн тохиолдолд вирүсийн ачааллын хэмжээг тоогоор гаргасан байдаг. Шинжилгээний хариуны талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг элэг цөсний мэргэжлийн эмчид хандан авах шаардлагатай.

Өөр мэдэх хэрэгтэй зүйл бий юу?

Хэрвээ та ХБВ-ийн халдвартай, ХДВ-ийн халдвар илрээгүй боловч ХБВ болон ХДВ дараалсан халдвар авах эрсдэл бий тул цус, цусан бүтээгдэхүүнээр дамжих халдвараас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Харин та ХБВ болон ХДВ халдвар аваагүй нь шинжилгээгээр нотлогдсон тохиолдолд нэн даруй ХБВ-ийн эсрэг вакцинд хамрагдсанаар эдгээр вирүсийн халдвараас бүрэн хамгаалагдаж чадах юм.

Молекул биологи

Бэлтгэл ажил шаардлагагүй