Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

EYE 5 - Нүдний халдвар үүсгэгч 5 эмгэгтөрөгч илрүүлэх шинжилгээ

“Молекулбиологийн аргаар нүдний халдвар илрүүлэх” шинжилгээний үзүүлэлтүүдийн тухай товч мэдээлэл

Нүдний арчдасаас нүдний халдвар үүсгэдэг 5 үүсгэгчийг PCR-ийн аргаар илрүүлэх шинжилгээ нь нүдний халдвар үүсгэдэг зарим өвөрмөц халдварыг илрүүлэх боломж олгодог юм. Нүдийг өвчлүүлдэг зарим бактери болон мөөгөнцрийн халдварыг бид микробиологийн ургуулах шинжилгээгээр ургуулж, антибиотик мэдрэг байдлыг үнэлэх боломжтой байдаг боловч зарим өвчлөл үүсгэгч тэжээлт орчин дээр ургах боломжгүй байдаг юм. Тухайлбал энэхүү шинжилгээний багцад орсон байгаа Herpes simplex virus 1, Herpes simplex virus 2, Varicella zoster virus, Human adenovirus, Chlamydia trachomatis гэсэн эмгэгтөрөгчид ургуулах шинжилгээгээр илрэх боломжгүй боловч тархалт ихтэй, нүдийг өвчлүүлэгч гол эмгэгтөрөгч нян, вирүсүүд юм. Иймд эдгээр халдвар үүсгэгчдийг найдвартай буюу тухайн өвчлөл үүсгэгчийн Нуклейн хүчил дээр суурилсан илрүүлэг шинжилгээ болох Eye PCR-ийг та бүхэнд санал болгож байна. Шинжилгээний мэдрэг болоод өвөрмөц байдал маш өндөр бөгөөд микробиологийн ургуулах шинжилгээгээр илрэхгүй өвчлөл үүсгэгчдийг илрүүлэх боломжтой болсон тул нүдний мэргэжлийн эмч нарт ч онош тодруулах чухал ач холбогдолтой шинжилгээ болохыг дурдах нь зүйтэй.

Herpes simplex virus 1&2- эдгээр нь Herpesviridae овгийн вирүсүүд бөгөөд геном нь давхар гинжит ДНХ(dsDNA)-ээс тогтдог. Херпес вирүсийн анхдагч халдвар хүүхэд буюу бага насанд тохиолддог бөгөөд ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Гэвч HSV-1 гавлын мэдрэлийн зангилаанд, HSV-2 бүсэлхий хавийн мэдрэлийн зангилаанд орж нуугдсан тохиолдолд аюултай болж эхэлдэг. Мэдрэлийн зангилаанаас дахин идэвхжиж уруул дээрх яр шарх, амны эргэн тойрон болон уруулны орчим цэврүү үүсгэдэг ба маш цөөн тохиолдолд нүдийг өвчлүүлж Херпес вирүсийн шалтгаант кератит үүсгэдэг ба ховор тохиолдолд энцефалит болон даамжирдаг байна. HSV-1 халдвар авсан шинж тэмдэг нь ихэвчлэн уруул, ам орчим болон нүүрний хэсгээр хомхой долоох буюу үү үүсгэх, шархлах байдлаар илэрдэг. Энэ нь ихэвчлан үечилсэн буюу дахих хандлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. HSV-2 халдвар бэлгийн үү үүсгэдэг ба өргөн тархалттай бэлгийн замын халдваруудын нэг юм. Херпес вирүсүүд улам дэлгэрэх хандлагатай бөгөөд шинж тэмдэггүй халдварладаг, бэлгийн замаар дамждаг, төрөх үедээ эхээс нярайд дамждаг нь ХДХВ-ын вирүс тархах эрсдлийг улам нэмэгдүүлж байдгийг анхаарах нь зүйтэй юм.

Varicella zoster virus- давхар гинжит ДНХ агуулсан алфахерпесвирүс. Анхдагч халдвар нь голдуу шинж тэмдэггүй явагддаг. VZV-ийн халдвар авсан үед бүх бие халуурч тавгүй болох ба бүх биеэр цэврүүтэй тууралт гардаг, нас биед хүрсэн хүмүүс ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд хатгалгаа үүсгэж болдог. Вирүс халдварласан эмнэлзүйн шинж тэмдэг арилсны дараа гурвалсан мэдрэл болон нурууны мэдрэлийн зангилаанд хадгалагдаж үлддэг байна. Нийт тохиолдлын 10-20%-д нь VZV хожуу насанд дахин идэвхжиж бүслүүр үлд өвчнийг үүсгэдэг. Бүслүүр үлдийн хүндэрсэн хэлбэрийн үед мэдрэлийн гаралтай өвчлөл, миелит, нүдний зостер(herpes zoster ophthalmicus) тохиолддог.

Human adenovirus- бүрхүүлгүй давхар гинжит ДНХ-ээс тогтдог ба амьсгалын замын гол халдваруудын нэг. Шинж тэмдэг нь ихэвчлан ханиалганаас хатгалгаа, бронхит болон хүндэрснээр илэрнэ. Ямар төрлөөр нь халдварлагдсанаас нь хамаарч гастроэнтерит, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, давсагны үрэвсэл, ховор тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг. Аденовирүсийн халдвар том хүмүүсийг бодвол нярай болон бага насны хүүхдэд ихээр тохиолддог. Аденовирүсийн шалтгаант нүдний салст бүрхэвчийн үрэвсэл нь дэлхий даяар өргөн тархсан нүдний халдваруудын нэг бөгөөд “ягаан нүд” гэж нэрлэгдсэн нүд улайх өвчин юм. Энэхүү нүдний салстын үрэвсэл нь бусад шалтгаант нүдний салстын үрэвсэлүүдээс илүү их халдварламтгай шинж чанартай байдаг нь зарим талаараа энэхүү вирүс нь хүний биеэс гадна буюу өрөөний хэмд халдвартай чанараа хэдэн долоо хоногийн хугацаанд ч хадгалж чаддагтай холбоотой гэж үздэг.

Chlamydia trachomatis- зөвхөн эсийн дотор амьдардаг грам сөрөг бактери, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг голлох шалтгаануудын нэг юм. Энэхүү бактери нь 3 өөр төрлийн өвчлөл үүсгэдэг нь: бэлгийн замын трахома, насанд хүрэгчдийн нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, нярайн нүдний салстын үрэвсэл юм. Насанд хүрэгчдийн нүдний салстын үрэвсэл нь C.trachomatis-ийн D-K хүртэлх серотипүүдээр үүсгэгддэг бөгөөд заримдаа нярайн нүдний салстыг ч үрэвсүүлэх тохиолдол байдаг. Мөн насанд хүрэгчдэд бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд зарим тохиолдолд гарнаас нүдэнд хүрэх үед халдварладаг нь тогтоогдсон. Гонококкууд яг ийм замаар халдварладаг ба хавсарсан халдвар байх нь элбэг. Ховор тохиолдолд нүднээс нүдэнд халдвар дамжих тохиолдол байдаг. Нүдний гадаргуу дээр үрэвсэл үүсгэж толботуулдаг нүдний хламидын халдвар нь буурай хөгжилтэй орнуудад түгээмэл тархсан байдаг. Энэ өвчнийг хамгаалж болохуйц хараагүй болох эмгэгүүдийн тоонд оруулдаг.

Молекул биологи

Энэ шинжилгээ нь Таны нүдний арчдасанд Бодит хугацааны ПГУ аргаар Нүдний халдвар үүсгэгч 5 эмгэгтөрөгч илрүүлэх шинжилгээ бөгөөд шинжилгээний бэлтгэл байдал хангах нь шинжилгээний хариу үнэн бодит гарах үндсэн нөхцөл юм.

 Шинжилгээнд тавигдах шаардлага:

  1. Сүүлийн 3-5 хоногийн дотор антибиотик хэрэглээгүй байх /уухаар, тарилгаар/
  2. Сүүлийн 3-5 хоногийн дотор нүдний дусаалга, тос хэрэглэхгүй байх.
  3. Өглөө нүүрээ угаахгүй, нуухыг арчиж цэвэрлэхгүй ирэх.
  4. Нүдний мэргэжлийн эмчид үзүүлэх бол эмчтэйгээ зөвлөлдсөний дүнд сорьцоо цуглуулуулаад, тухайн сорьцоо лабораторт 2 цагийн дотор тасалгааны хэмд тээвэрлэн авчирч болно.
  5. Шаардлагыг дагаагүй тохиолдолд шинжилгээний хариунд нөлөөлөхийг анхаарна уу.

Ашигласан материал:

  1. Fast track diagnostics Eye manual
  2. STARMag 96×4 Universal Cartridge Kit
  3. eNAT Instructions for Use
  4. UTM Package insert and how to use guide