Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

Ca - Кальци

Цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлсноор яс, зүрх, мэдрэл, бөөр болон шүдтэй хамааралтай эмгэгүүдийг оношлоно. Мөн пара-бамбай булчирхайн даавар хэт ялгарах, бамбай булчирхай хэт ажиллах, хоолны шингэлт хэвийн бус байх шинж тэмдгүүд илэрсэн үед хийгдэнэ.

Хэрхэн шинжлэх вэ?

Цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлсноор яс, зүрх, мэдрэл, бөөр болон шүдтэй хамааралтай эмгэгүүдийг оношлоно. Мөн пара-бамбай булчирхайн даавар хэт ялгарах, бамбай булчирхай хэт ажиллах, хоолны шингэлт хэвийн бус байх шинж тэмдгүүд илэрсэн үед хийгдэнэ.

Кальцийн шинжилгээ нь ерөнхий биеийн үзлэгийн нэг хэсэг болдог.

Кальцийн хэмжээ хэвийн бус байх нь ямар нэг асуудал байгааг илтгэх бөгөөд ионжсон кальци, шээсэн дэх кальци, фосфор, магни, пара-бамбай булчирхайн даавар, витамин Д гэх мэт нэмэлт шинжилгээ хийснээр түүнийг тодорхойлдог.

Кальцийн хэмжээ хэвийн бус байвал, пара-бамбай булчирхайн дааврыг хамт хэмжсэнээр пара-бамбай булчирхайн ажиллагааг давхар хянаж болдог. Шээсэн дэх кальцийн хэмжээг тодорхойлсноор, бөөр хангалттай кальци ялгаруулж байгаа эсэхийг, харин витамин Д, фосфор болон магнийг тодорхойлсноор бусад эмгэг байгаа эсэхийг тодорхойлдог.

Дараах шинж тэмдэг илэрсэн үед кальцийг оношилгооны зорилгоор хийнэ:

  • Бөөрний чулуу
  • Ясны эмгэг
  • Мэдрэлийн гэмтэл

Энэ шинжилгээ нь цусан дахь чөлөөт кальцийг тодорхойлоход тохиромжтой.

Маш хүнд хэлбэрийн өвчний үед, цус сэлбэлт болон судас тариа хийлгэх, хүнд хэлбэрийн мэс ажилбар хийлгэх, цусны уургийн хэвийн бус байдлын үед ионжсон кальцийн шинжилгээг хийнэ.

Ионжсон кальцийн хэлбэлзэл нь зүрхний цохилт удаашрах эсвэл түргэсэх, булчин татах, мөн ухаангүй болоход хүргэж болзошгүй. Хүнд хэлбэрийн өвчний үед ионжсон кальцийн хэмжээг хянаж, эмчилгээ хийнэ.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Цусан дахь кальцийн хэмжээг биеийн ерөнхий үзлэгийн үед хийнэ.

Дараах шинж тэмдгийн үед энэ шинжилгээг зөвлөдөг:

  • Бөөрний эмгэг
  • Ядарч, сульдах, хоолны дуршил буурах, толгой эргэх, бөөлжих, өтгөн хатах, хэвлий орчмоор өвдөх, ойр ойрхон шээх, амархан цангах зэрэг өндөр кальцийн шинж тэмдгийн үед
  • Хэвлий татах, булчин татах, хуруу эрвэгнэх зэрэг кальци багадалтын шинж тэмдгийн үед
  • Пара-бамбай булчирхайн эмгэг, хоолны шингэлт хэвийн бус байх, хавдар, шим тэжээлийн дутагдал

Гар, хөл болон амны эргэн тойрон мэдээ алдах, тэр орчмын булчин татах үед ионжсон кальцийн шинжилгээг тодорхойлох нь үр дүнтэй. Кальцийн түвшин аажмаар буурах үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй.

Зарим хавдар (хөх, уушги, толгой, хүзүү, бөөр болон нугас) болон бөөрний эмгэгийн үед кальцийн түвшинг хянах шаардлагатай. Мөн хэвийн бус кальцийн түвшинд эмчилгээ хийлгэж байгаа үед үр дүнг тодорхойлохын тулд хийгддэг.

Нуруу, бөөрний орчмоор өвдөх, шээсэнд цус агуулагдах зэрэг бөөрний чулууны шинж тэмдгүүд илрэх үед шээсэн дэх кальцийн хэмжээг тодорхойлдог.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусан дахь кальцийн хэмжээ нь ясан дахь кальцийн хэмжээтэй хамааралгүй.

Хэвийн кальци

Кальцийн бодисын солилцоо нь хэвийн бөгөөд цусны эргэлт хэвийн байгааг илтгэнэ.

Өндөр кальци

Түүний хамгийн түгээмэл шалтгаанууд:

  • Пара-бамбай булчирхайн хэт ажиллагаа; энэ нь ихэвчлэн хоргүй хавдраас үүсдэг.
  • Хорт хавдар

Үүнээс өөр байж болзошгүй шалтгаанууд:

  • Бамбай булчирхайн даавар хэт ялгарах
  • Тунгалгийн зангилаанууд томрох
  • Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх
  • Витамин Д-ын илүүдэл
  • Даралт бууруулах эм
  • Бөөр шилжүүлэн суулгах
  • ХДХВ/ДОХ

Бага кальци

Үүний хамгийн түгээмэл шалтгаанууд:

  • Цусан дахь уургийн хэмжээ бага байх, ялангуяа альбумин; үүнээс улбаалан элэгний эмгэг эсвэл шим тэжээлийн дутагдалд хүрч болно.

Үүнээс өөр байж болзошгүй шалтгаанууд:

  • Пара-бамбай булчирхайн ажиллагаа доройтох
  • Пара-бамбай булчирхайн дааврын нөлөөний удамшсан эсэргүүцэл
  • Хоол хүнсэнд кальци дутагдах
  • Витамин Д дутагдах
  • Магни дутагдах
  • Фосфор илүүдэх
  • Нойр булчирхайн цочмог үрэвсэл
  • Бөөрний үйл ажиллагаа алдагдах

Шээсэн дэх кальцийн хэмжээнд дээрх зүйлс ижлээр нөлөөлнө. Шээсэн дэх кальцийн хэмжээ ихэсвэл бөөрөнд талст үүсэх магадлалтай.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Нярай, хүүхдүүдийн ионжсон кальцийг шинжилж, кальцийн дутагдал байгаа эсэхийг тодорхойлох нь элбэг. Энэ нь пара-бамбай булчирхай сайн хөгжөөгүйтэй холбоотой шинж тэмдэг илэрдэггүй.

Цус болон шээсэн дэх кальцийг тодорхойлсноор ясан дахь кальцийн хэмжээ мэдэгдэхгүй. Ясны нягтрал шалгах “Dexa” хэмээх үзлэгээр тодорхойлно.

Цусны даралт бууруулах эм нь кальцийн илүүдэлтэй болох хамгийн том шалтгаан бөгөөд лити, тамоксифены хэрэглээ мөн кальцийн хэмжээг ихэсгэнэ.

Үе мөчний үйл ажиллагааны багц, Эрдэс бодисын солилцооны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ, 13-18 насны багц шинжилгээ, 2-12 насны багц шинжилгээ

Үйлчлүүлэгчийг шинжилгээнд бэлтгэх:

  1. Архи согтууруулах төрлийн ундааг 24 цаг хэрэглээгүй байх.(1)
  2. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх.(1,2)
  3. Шинжилгээнд нөлөөлөх эм хэрэглээгүй байх. Хэрэв хэрэглэдэг бол хариуцсан эмчидээ мэдэгдэх хэрэгтэй. Үүнд: витамин Д, алкалин, андроген, тироид даавар, аспирин, кальцитонин, эстроген г.м (3,2)
  4. Шинжилгээний өмнө мацаг барих.

Ашигласан материал:

  1. Эмнэлзүй лабораторийн мэргэжилтний гарын авлага Г. Наран, Н. Мөнхтүвшин УБ 2012 он
  2. Mosby’s Diagnostic and Laboratory Test Reference 12th edition
  3. https://labtestsonline.org/tests/calcium