Шинжилгээнийтайлбар

Бид хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх, шинжилгээний хариу авах ажлыг илүү хялбар болгох үүднээс олон төрлийн боломж, хувилбаруудыг санал болгодог.

ALP - Шүлтлэг фосфотаза

Хэрвээ ALP түвшин ихэссэн шалтгаан тодорхойгүй байвал, ALP изоэнзим шинжилгээгээр тодорхойлж болно.

Хэрхэн шинжлэх вэ?

ALP шинжилгээгээр элэг болон ясны эмгэгүүдийг тодорхойлдог.

  • Элгэнд хамааралтай эмгэгийн үед гэмтсэн элэгний эсүүд нь их хэмжээний ALP-г цусанд ялгаруулдаг. Мөн цөсний цоргыг үүсгэдэг зах ирмэгийн эсүүдэд ALP их хэмжээгээр агуулагддаг тул цөсний цоргын бөглөрлийг тодорхойлоход энэ шинжилгээг ашигладаг. Хэрвээ хавдар гэх мэтийн зүйлсээр цөсний цорго бөглөгдвөл цусан дахь ALP хэмжээ ихэссэн байна.
  • Ясны ургалт, ясны эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх эмгэгүүд нь цусан дахь ALP хэмжээг ихэсгэнэ. Тиймээс яс уруу үсэрхийлсэн хавдрыг энэ шинжилгээгээр тодорхойлдог. Мөн витамин Д-ын дутагдал болон Пагетын өвчинг үүгээр тодорхойлно.

Хэрвээ ALP түвшин ихэссэн шалтгаан тодорхойгүй байвал, ALP изоэнзим шинжилгээгээр тодорхойлж болно. GGT болон 5’ нуклеотидаз нь мөн элэгний эмгэгийн үед өсөөд, ясны эмгэгийн үед хэвийн байдаг тул энэ шинжилгээгээр мөн ялгаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

ALP шинжилгээ нь ерөнхий үзлэгийн багц шинжилгээний нэг бөгөөд элэг болон ясны эмгэгийн шинжүүд илэрсэн тохиолдолд захиалагдана. Элэгний эмгэгийн шинжүүдэд:

  • Ядрах, сульдах
  • Хоолны дуршил буурах
  • Толгой эргэх, бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх, хавдах
  • Шарлах
  • Шээсний өнгө харлах, өтгөний өнгө бүдгэрэх
  • Загатнах

Ясны эмгэгийн шинжүүдэд:

  • Яс, үе мөчөөр өвдөх
  • Цууралт үүсэх
  • Ясны гаж хэлбэр

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

ALP түвшин өндөр байх нь элэг эсвэл ясны эсийн идэвхжилтэй эмгэг үүссэнийг илтгэнэ.

Билирубин, АСаТ, АЛаТ түвшин мөн өндөр байвал элэгний эмгэгийг илтгэнэ. GGT болон 5’ нуклеотидаз нь ихэссэн бол мөн элэгний эмгэгийг илтгэнэ. Эдгээр шинжилгээнүүд хэвийн үед ясны эмгэгээс үүдэлтэй ALP ихэснэ. Мөн кальци, фосфор ихсэх нь ясны эмгэгийг илтгэнэ.

Харин бусад шинжилгээ, шинж тэмдэгнээс элэг/ясны эмгэг тодорхойлогдохгүй байвал, ALP изоэнзимийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай.

– ALP элэгний эмгэгт

Элэгний эмгэгтэй холбоотойгоор ALP ихэссэн эсэхийг бусад шинжилгээний хамтаар тодорхойлдог. Элэгний үрэвслийн үед ALP нь АСаТ болон АЛаТ-ын түвшинтэй харьцуулахад арай бага өсдөг. Цөсний цоргууд бөглөрсөн тохиолдолд (ихэвчлэн цөсний чулуу, сорвижилт болон хавдрын улмаас) ALP болон билирубиний хэмжээ өсдөг. Мөн элэгний хавдрын үед өснө.

– ALP ясны эмгэгт

Пагетын өвчин гэх ясны хэт өсөлт, гажуудал үүсгэдэг эмгэгийн үед болон яс уруу үсэрхийлсэн хавдрын үед ALP түвшин ихэсдэг.

Хэрвээ эмчилгээ хийлгэж, үр дүн гарвал ALP түвшин эргэн буурна.

Мөн зарим бактерийн халдвар, бүдүүн гэдэсний үрэвсэл, зүрхний эмгэг, тунгалгийн системийн хавдрын үед ALP түвшин бага хэмжээгээр ихэсдэг.

ALP түвшин нь цус сэлбэлт болон зүрхний мэс ажиллагааны дараа түр хугацаанд буурдаг. Мөн гипофосфатаз гэх ховор ясны эмгэг нь ALP түвшинг их хэмжээгээр бууруулахад хүргэнэ. Шим тэжээлийн болон уургийн дутагдал нь ALP түвшин буурсны шалтгаан байж болзошгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Жирэмслэлт, ясны цууралтын бороололтын үед ALP түвшин ихэсдэг.

Бага болон өсвөр насныхны ALP түвшин насанд хүрэгчдээс илүү байдаг нь тэд нарын яс өсөж байгаатай холбоотой.

Зарим эмүүд ALP түвшинд нөлөөлж болдог. Жирэмснээс урьдчилан сэргийлэх эмүүд ALP түвшинг бууруулдаг бол татдаг өвчний эмүүд ихэсгэх нөлөө үзүүлнэ.

Элэг цөсний үйл ажиллагааны багц шинжилгээ, 50+ насны багц шинжилгээ, 30-49 насны багц шинжилгээ, 19-29 насны багц шинжилгээ

Шинжилгээнд бэлтгэх:

  1. Тайван байх
  2. Шинжилгээний өмнө хоолны хэвийн дэглэмийг баримтлах. (1,2)
  3. Архи согтууруулах ундаа 24 цагийн турш хэрэглээгүй байх
  4. Шинжилгээнд нөлөөлөхүйц эм хэрэглээгүй байх.(2)

Ашигласан материал:

  1. https://labtestsonline.org/tests/alanine-aminotransferase-alt
  2. Mosby’s Diagnostic and laboratory test Reference twelfth edition