Эмэгтэй таны хүйс эрүүл мэндэд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Энгийн мэт санагдах энэ асуултын хариулт таны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг. Хүний хүйс бол тухайн хүний генийн хуваагдлаас шалтгаалдаг биологийн өгөгдөл. Эрэгтэй хүний ​​биеийн бүх эсэд нэг X, нэг Y хромосом байдаг бол эмэгтэйчүүд эс бүрт хоёр X хромосомтой байдаг. Эдгээр эсүүд нь таны арьс, зүрх, ходоод, булчин, тархи гэх мэт бүх эд, эд эсийг бүрдүүлдэг.  Нөгөөтэйгүүр хүйс нь бид өөрсдийгөө болон бие биенээ хэрхэн хүлээн авч, бусадтай хэрхэн харилцахыг тодорхойлдог нийгмийн хүчин зүйл. Энэхүү биологи болон нийгмийн өгөгдөл “хүйс” нь бидний зан байдал, харилцаа, нийгмийн байр сууринд нөлөөлдөг тул эрүүл мэндэд ч нөлөөлдөг.

Хүний бие организм ерөнхийдөө ижил төстэй боловч эрэгтэй, эмэгтэй хүйс нь ямар нэгэн өвчинд амархан өртөх, эс өртөх, янз бүрийн эмэнд ялгаатай хариу урвал үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ойрхон байх, эсэх зэрэг маш олон зүйлд нөлөөлдөг байх нь ээ.

Жишээлбэл, зүрхний шигдээсийн үед эмэгтэй, эрэгтэй хүмүүст өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчний үед цээжээр өвдөх эсвэл цээж орчим таагүй мэдрэмж үүсэх зовиур түгээмэл хэдий ч эмэгтэйчүүдэд амьсгал давчдах, дотор муухайрах, бөөлжих, ядрах, нуруу, мөр, эрүү өвдөх магадлал илүү өндөр байдаг. Энэ тухай бид өмнөх нийтлэлээрээ /Эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл өвчлөлүүд/ танд хүргэсэн билээ.  Бөөрний өвчлөл эмэгтэйчүүд түлхүү тулгардаг бөгөөд энэ нь жирэмслэлтийн үед эрсдэл үүсэх, депресд орох магадлалыг нэмэгдүүлэх, ясны өвчлөл үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй.

Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс өвдөлтийг өөрөөр мэдрэх, олон төрлийн бодисыг хүлээж авах болон задлах хурдаараа ялгаатай. Йелийн их сургуулийн тамхи мансууруулах бодисын судалгааны тэргүүлэх судлаач, доктор Шерри МакКи: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мансууруулах бодисыг хэрхэн хүлээж авч буйгаараа ялгаатайгаас гадна, эр эм хүйс нь донтох өвчний эрсдэлд нөлөөлдөг. Жишээ нь, тамхи татдаг эмэгтэйчүүд тамхи татдаг эрчүүдийг бодвол уушиг, зүрхний өвчинд илүү их өртдөг. Учир нь эмэгтэйчүүд никитоныг илүү хурдан задалж, метаболизмд оруулдаг “гэжээ.

Эрдэмтэд хүний хүйс аутоиммуни буюу дархлаатай холбоотой өвчнөөр өвдөхөд өөр өөрөөр нөлөөлж байгааг тогтоосон байдаг ба ийм төрлийн өвчнөөр өвдөгсдийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг боловч аутоиммуны өвчнөөр эрчүүд илүү хүнд өвддөг байна.

Маш энгийн өөрчлөлт таны эрүүл мэндэд ихээхэн зөрүү, өөрчлөлт үүсгэдэг тул хэрвээ танд ямар нэгэн зовиур илэрсэн бол заавал мэргэжлийн хүнд хандаж сураарай. Зөвхөн зовиур илэрсэн үед эмнэлэгт хандах гэхээсээ илүү жил бүр тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг дадалтай болох нь илүү чухал гэдгийг сануулъя. Эрт цаг алдалгүй оношлох, урьдчилан сэргийлэх нь эрүүл, чанартай амьдралын түлхүүр билээ.

Энх явж, мөнх жарга.


Та манай нас насны бүлэгт тохирсон багц шилжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.Гялс шинжилгээний багц

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй