Эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл өвчлөлүүд

Эмэгтэйчүүд эрчүүдээс 5 жилээр урт насалдаг. Гэсэн ч энэ тоо ихэнх эмэгтэйчүүд чанартай, эрүүл амьдарч байгааг илэрхийлж чадахгүй. Эмэгтэйчүүдийг жирэмслэлт, төрөлттэй холбоотой хүндрэл, эрсдлийг биеэрээ туулах, зүрх судасны өвчин, архаг бронхитоор эрэгтэйчүүдээс илүү өвчлөх, умайн хүзүү, хөхний хорт хавдраас болж идэр насанд хорвоог орхих зэрэг олон эрсдэл отож байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдэд аюул занал учруулдаг дийлэнх өвчлөлүүд эрт үедээ оношлогдох төдийгүй эмчлэгдэх боломжтой байдаг. Бид танд урьдчилан сэргийлэх боломжтой эмэгтэйчүүдийн дунд тархалт өндөртэй 8 өвчний талаар мэдээлэл хүргэж байна.


Зүрхний өвчин


Зүрхний өвчин бол аль ч хүйсийн дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог тархалт өндөртэй өвчин юм. Эрүүл мэндийн яамнаас жил бүр гаргадаг статистик үзүүлэлтээр 2019 онд зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвдөгсдийн 59,3% эмэгтэйчүүд байсан төдийгүй нас ахих тусам 3 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвдөж байна гэсэн статистик үзүүлэлт гаргажээ. Мөн дийлэнх эмэгтэйчүүд зовиур нь хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг буюу эрүү рүү өвдөх, мөр рүү өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүдийг тоолгүй орхидог учраас өвчний эхэн үед тусламж авч чадалгүй оройтож оношлуулдаг байна.


Хөхний хорт хавдар


Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар юм. Хамгийн эхэнд, хөхний эдэд эсвэл ойр орчимд нь янз бүрийн хэлбэртэй том жижиг, хатуу зөөлөн үүсгэвэр үүсэх, хөхний хэмжээ хэлбэр өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх энгийн арга бол хөхний үзлэгийг өртөө тогтмол хийх юм.


Аутоиммуни өвчин


Аутоиммуни өвчин нь бие махбодид өөрийн дархлааны систем халдаж, эд эсийг гэмтээдэг эсвэл өөрчилдөг бүлэг эмгэг юм. Энэ ангилалд люпус, мультипле склероз, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин зэрэг 80 гаруй ноцтой, архаг өвчин байдаг. Америкийн аутоиммунитай холбоотой өвчин судлалын нийгэмлэгийн (AARDA) мэдээлснээр аутоиммуни өвчний 75 орчим хувь нь эмэгтэйчүүдэд тохиолддог гэсэн статистик бий. Чихрийн шижин, бамбай булчирхайн өвчлөл, люпусаас бусад өвчнүүд нь тийм ч түгээмэл биш боловч энэ бүлгийн эмгэг нь Америк эмэгтэйчүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй болох дөрөвдэх том шалтгаан болдог. Түгээмэл аутоиммуни өвчнүүдэд:

  • Ревматоид артрит: үе мөч болон ойр орчмын эдүүдийн үрэвсэл
  • Системийн чонон хөрвөс: арьс, үе мөч, бөөр, тархи болон бусад эрхтэнд нөлөөлдөг.
  • Мультипли склероз – тархи ба нугасны хэсэгт нөлөөлдөг.
  • Celiac sprue өвчин – нарийн гэдэсний дотор хананд цавуулаг (улаан буудай, хөх тариа, арвайгаас олддог) бүтээгдэхүүн гэмтэл учруулдаг өвчин.

Дархлааг тэнцвэржүүлдэг нэмэлт бэлдмэл, түүний дотор Д аминдэм, ашигтай өөх тос (EPA / DHA, GLA гэх мэт), пробиотик зэргийг зохист хэмжээгээр нэмэлтээр авснаар дээрх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн түүнчлэн өдөр бүр иог, бясалгал зэрэг стресс бууруулах дасгал хийж, дархлаагаа тэнцвэрт хэмжээнд хадгалахын зэрэгцээ жингээ хэвийн түвшинд хадгалснаар дээрх бүлэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.


Остеопороз


Остеопороз нь ясны нягтрал буурахыг хэлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиолддог. Гэсэн хэдий ч энэ нь эмэгтэйчүүдэд хамгийн их анхаарал татдаг асуудал юм. Хэд хэдэн судалгаагаар, 50-иас дээш насны хоёр эмэгтэй тутмын нэг нь насан туршдаа ясны сийрэгжилттэй холбоотой хугарлаас болж шаналдаг гэдэг тооцоо бий. Хугарсан эсвэл суулттай нугалмын улмаас үүссэн нурууны өвдөлт, жил ирэх тусам жижгэрэх, бөгтгөр болох, яс амархан хугарах зэрэг шинж тэмдгүүд энэ өвчний үед ихээхэн тохиолддог. Ясаа бат бөх байлгахад шаардлагатай гурван хүчин зүйл бий. Үүнд хангалттай хэмжээний кальци, Д аминдэм зохист хэмжээнд хадгалж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх шаардлагатай.


Меланома


Меланома бол арьсны өнгийг бүрдүүлэгч пигмент эсүүд болох меланоцитуудад үүсдэг хорт хавдар юм. Энэ нь бусад эд эрхтэнд метастазиц буюу үсэрхийлж үхэлд хүргэх хүртэл аюул дагуулдаг учраас бусад арьсны хорт хавдруудаас илүү ноцтой. Меланома нь одоо байгаа мэнгэ эсвэл арьсан дээрх бусад нөсөө толбоноос үүсч болох боловч ихэнхдээ эрүүл арьсан дээр үүсдэг. Хэдийгээр меланома нь биеийн аль ч газарт ургадаг боловч ихэнхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ар нуруун дээр, эмэгтэй хүний ​​хөлөн дээр үүсэх нь элбэг.

Үдээс хойш наранд гарахгүй байх, өдөр бүр дор хаяж 15 SPF-тай нарнаас хамгаалах тосыг хэрэглэж хэвшснээр энэ төрлийн арьсны хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ та 30 наснаас дээш бол 2 жилдээ нэг удаа арьсны эмчид урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж хэвшээрэй.


Чихрийн шижин-2 хэлбэр


Чихрийн шижин бол инсулин даавартай холбоотой өвчин юм. 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй бүх хүн илүүдэл жинтэй байдаггүй ч таргалалт, хөдөлгөөний дутагдал нь энэ хэлбэрийн чихрийн шижин өвчний хамгийн түгээмэл шалтгаан болдог. Шээс их хүрэх, хэт их цангах, шалтгаангүй жин алдах, хэт их өлсөх, арьс хуурайших, загатнах, ядрах,  цочромтгой болох зэрэг шинж тэмдэг ажиглагдвал эмчид даруй хандах хэрэгтэй. Түүнээс гадна хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин эхэн үедээ шинж тэмдэг илэрдэггүй учраас цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж, шинжилгээ өгч байх хэрэгтэй.


Цусны даралт


Таны цусны даралт өндөр байгаа эсэхийг мэдэх цорын ганц арга бол тогтмол үзлэг хийх явдал юм. Хэрэв та цусны даралт ихтэй хамаатан садантай бол үзлэгт хамрагдах нь маш чухал. Хүчтэй толгой өвдөх, ядрах, хараа муудах, цээжээр өвдөх, амьсгал давчдах, хүзүү, чихэнд лугшилт мэдрэгдэх зэрэг нь энэ өвчний шинж тэмдэг юм. Та жингээ хадгалах, тогтмол дасгал хийх, давсны хэрэглээг багасгах, архи согтууруулах ундаанаас татгалзах, стрессээс сэргийлснээр энэ өвчнөөс давхар сэргийлэх боломжтой.


Сэтгэлийн хямрал


Сэтгэлийн хямралд орох нь ойр дотны хүнээ алдах эсвэл амьдралын хүнд цохилтод ороход сэтгэл санаагаа буцаад хэвийн хэмжээнд хүргэх сэтгэлзүйн хариу үйлдэл юм. Төвлөрч чадахгүй байх, шийдвэр гаргахад хэцүү болох, аливаа зүйлийг нарийн детайлчилж санахгүй байх зэрэг нь таныг сэтгэлийн хямралд орсныг илтгэнэ. Мөн түүнчлэн амархан ядрах, амраад сэрсэн ч эрч хүчгүй байх, гэм буруутай, утгагүй, эсвэл хэнд ч хэрэггүй мэт сэтгэгдэл төрөх, нойргүйдэл, өглөө эрт сэрэх эсвэл хэт их унтах, тайван бус байх, өмнө нь дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болох, хэт их идэх, хоолны дуршил алдагдах зэрэг маш олон шинж тэмдгээр илэрч болно. Сэтгэлзүй гэдэг эргээд маш олон эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг төдийгүй хайхралгүй орхиж болохгүй бидний чухал эрхтнүүдийн нэг. Тиймээс танд дээрх мэдрэмж төрж байвал мэргэжлийн эсвэл итгэл даах хүнтэй заавал ярилцаарай.

Та манай нас насны бүлэгт тохирсон багц шилжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй

Гялс шинжилгээний багц

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй