Эмчид худал хэлдэг 5 асуудал

Та хэзээ нэгэн цагт хариулахад эвгүй, ичмээр санагдсан асуултад худлаа хэлэх, тойруулах, булзааруулах зэргээр асуултаас бултаж байсан уу? Хэт хувийн чанартай мэдээллээ хэн нэгэнтэй хуваалцах эсэх нь таны өөрийн мэдэх хэрэг боловч таны эрүүл мэндийг хариуцах эмчтэй энэ төрлийн асуултаар хэзээ ч битгий худал хэлж байгаарай. Эмчид үзүүлж буй үйлчлүүлэгчдийн 5 хүн тутмын 4 нь эмчдээ ямар нэгэн байдлаар “цагаахан худал” хэлчихдэг байна. Та эмчдээ бүрэн итгэж, нууж хаалгүйгээр, нээлттэй харилцан яриа үүсгэх нь зөв оношлуулах, цаашид өөртөө тохирсон үр дүнтэй эмчилгээ хийлгэх үндэс болно.

Та дараагийн удаа эмчид очихдоо дараах 5 зүйлсээр хэзээ ч битгий худлаа яриарай.

Худлаа яриа 1: Би хааяа даа л, хэтрүүлэлгүй уудаг

Үйлчлүүлэгчдийн хамгийн их худлаа хариулдаг асуулт бол алкахолны хэрэглээний талаарх асуултууд. Эрүүл, насанд хүрсэн хүний элэг 1 цагийн дотор 10 гр спиртийг цэвэршүүлж, хоргүйжүүлэх чадвартай ба энэ нь 10-12 цагийн дараа биеэс бүрэн гадагшилдаг. Ямар нэгэн өвчин эмгэггүй, эрүүл насанд хүрсэн хүн архи, согтууруулах ундааг 24 цагийн дотор хэрэглэж болох дээд хэмжээг архины зохист хэрэглээ гэдэг. Зүйрлэвэл өдөрт 38% градустай 30 гр архи, 4,6% градустай 285 мл пиво эсвэл 12% градустай 100 мл дарсны аль нэгийг уух нь л стандарт хэмжээ юм. Тэгвэл бид стандарт буюу аюулгүйн хэрэглээний хэмжээг үргэлж хэтрүүлдэг.

Эмч биднээс “та архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг үү” гэхэд бид ихэнхдээ “ер нь үгүй дээ” л гэдэг. Жишээ нь, ажлын газрынхантайгаа эсвэл найзуудтайгаа долоо хоног алгасалгүй шахуу “Баасан ахын төрсөн өдөр” тэмдэглэж үүр цүүр хүртэл явснаа эмчдээ хэлэлгүй нууж орхидог гэмтэй. Үүнийгээ гэм ч гэж боддоггүй. Гэтэл дэлхий нийтэд бүртгэгдэж байгаа зүрх судасны өвчин, улаан хоолой болон элэгний хорт хавдар, элэгний хатуурал, осол гэмтэл, гэмт хэргийн нэлээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. Тиймээс та энэ төрлийн асуултад шударгаар хариулж байгаарай.

https://zurkh.mn/?page_id=7241

Насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй

Худлаа яриа 2: Надад бэлгийн амьдралтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг илрүүлж, эмчлэхгүй бол аарцгийн эрхтний үрэвсэл, үргүйдэлд хүргэх, бэлгийн дур таашаалгүй болох сэтгэл санааны хямралд орох зэрэг эрсдэлийг дагуулдаг. Гэтэл үйлчлүүлэгчдийн дунд нийтлэг ажиглагддаг зүйл нь өөрийн бэлгийн амьдралтай холбоотой асуудал аминд тулчхаагүй л бол үзүүлж байгаа эмчдээ ч хэлэлгүй нуучихдаг. Нөгөө талаас хламид, хүний папилома вирус зэрэг зарим бэлгийн замаар дамжих халдварт өвчний үед ямар нэгэн зовуур өгөхгүй байж болдог (нийт халдварын 75% балархай хэлбэртэй). Энэ нь тохиолдлын бэлгийн харилцааны үеэр эсвэл ямар нэгэн байдлаар өөрөө ч мэдэлгүйгээр халдвар авч, түүнийгээ цааш нь дамжуулах боломжтой гэсэн үг.

Сексийн хэдэн хамтрагчтай вэ? Таны бэлгийн чиг хандлага ямар вэ? Ямар нэгэн байдлаар хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон уу? эсвэл бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг илэрч байгаа эсэх? (үтрээнээс их хэмжээтэй ялгадас гарах, бэлгийн харилцааны үеэр өвдөх, бэлэг эрхтэн орчим ямар нэгэн зүйл гарах) зэрэг бүх зовуур чухал. Тиймээс эмчтэйгээ нээлттэй, шударга байх хэрэгтэй. Магадгүй та анх удаа эмчтэй энэ сэдвээр ярилцаж, ярилцахад эвгүй байж болно. Гэхдээ эмч таныг шүүх гэж эсвэл таныг эвгүй байдалд оруулах гэж таниас дээрх асуултуудыг асуугаагүйг санах хэрэгтэй. Тэр танд туслахын тулд таны бүх мэдээллийг авч байгаа учир та санаа зовох огт шаардлагагүй.

https://www.nccd.gov.mn/index.php/zuvulguu/zuvulguu-std

Худлаа яриа 3: Хүнд, хөнгөнөөр бие засахад надад ямар ч зовуур байхгүй

Ариун цэврийн өрөө бол хэний ч нүднээс далд, эрх чөлөөгөө мэдэрч болох хувийн хэсэг. Гэхдээ та эмчид үзүүлэхдээ ариун цэврийн өрөөнд ч тохиолдож буй зүйлсээ ярих хэрэгтэй болно.

Зарим тохиолдолд хөнгөнөөр бие засахтай холбоотой асуудал (хэт бага эсвэл хэт их шээх, дүлэлттэй, цустай шээх) нь шээсний замын халдвар, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн давсагны хорт хавдар, эрэгтэй хүнд түрүү булчирхайн хорт хавдрын эрт үеийн шинж тэмдэг байх боломжтой.

Мөн хүндээр бие засах давтамж, өнгө, хэлбэр хэвийн байгаа эсэх нь тухайн хүнд зарим нэгэн өвчний эрсдэлийг илрүүлэх сэжүүр болдог. Зарим хүмүүс өдөр бүр бие засдаг бол зарим нь хэдэн өдрийн турш хүндээр бие засдаггүй. Таны хувьд ердийн үед ямар давтамжтайгаар хүндэрдэг болон сүүлд ямар өөрчлөлт гарснаа эмчдээ хэлэх хэрэгтэй. Шулуун гэдэснээс гарч буй ялгадас хэвийн биш байх нь (жишээлбэл өнгө, хэлбэр, хэмжээ, давтамж өөрчлөгдөх, эсвэл цустай харагдах) кроны өвчин, колит, бүдүүн гэдэс, нойр булчирхай, элэгний хорт хавдар гэсэн дохио өгч байж болзошгүй.

Тиймээс та эмчдээ энэ талаарх зовуур, өөрчлөлтийг үнэнээр нь хэлж байх хэрэгтэй.

Худлаа яриа 4: Би дур мэдэж огт эм хэрэглэдэггүй

Эмийг эмчийн заавраар хэрэглэх ёстойг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ үрлэн хэлбэртэй витамин С амттай учраас өдөрт хэд хэдэн уутаар нь идэх, эсвэл ямар нэгэн таагүй мэдрэмжийг хурдан арилгахын тулд гар дор харагдах эмээс эмчийн зааваргүйгээр уух нь эргээд таны эрүүл мэндийг ноцтой байдалд хүргэж болзошгүй. Хэдийгээр тухайн үедээ зүгээр санагдаж,  эм хэрэглэснээс болж ямар нэгэн түгшүүртэй шинж тэмдэг илрээгүй юм шиг санагдаж байгаа ч эмчтэйгээ энэ талаар илэн далангүй байх хэрэгтэй. Тэр ч бүү хэл дотнын найзын тань сайн гэж зөвлөсөн тамир сэргээх нэмэлт витамин, хааяа нэг цэнгэж явахдаа хэрэглэсэн мансууруулах бодисыг ч эмч мэдэх шаардлагатай энд айж нуух зүйл юу ч байхгүй гэдгийг санах хэрэгтэй.

Дур мэдэж хэрэглэсэн эм бөөр, элэгний дутагдал, донтолт, гэнэт цус алдах зэрэг эрүүл мэндэд тань ноцтой хүндрэл учруулж болзошгүй. Нөгөө талаар эмчид очихоосоо өмнө хэрэглэсэн эмээ эмчдээ хэлээгүйгээс болж өөрт байгаа эмийг дахин худалдан авч хэрэгцээгүй зарлага гаргах, эсвэл эмчийн бичсэн эмчилгээ үр дүнгүй болох зэрэг сөрөг нөлөөтэй. Мөн та давтаж үзүүлэхдээ өмнө бичиж өгсөн эмийг нь ганц хоёр удаа уулгүй орхисон гэдгээ ч нуулгүй мэдээлэх нь цаашид эмчилгээний тактикийг зөв боловсруулахад тустай.

ХОЛБООТОЙ: Монгол эрчүүдэд түгээмэл тулгарч буй эрүүл мэндийн асуудал

Худлаа яриа 5: Намайг стрессдүүлэх зүйл надад тохиолдоогүй

Гэр бүлийн асуудал, ажлын байран дээрх үл ойлголцол, ажлын их ачаалал цаашлаад санхүүгийн асуудлыг эмчид гэхээсээ илүү сэтгэл зүйчид хэлэх асуудал мэт санагдах болох юм. Гэхдээ таны эдгээр санаа зовнилууд нь нойргүйдэл, сэтгэлийн түгшүүр, хоол боловсруулах эрхтний үрэвсэл, сэтгэлийн хямрал, тэр ч байтугай мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх гол шалтгаан болдог гэдгийг бодолцож үзэхэд илүүдэхгүй.

“Стресс нь бие махбод, оюун санаанд олон янзын нөлөө үзүүлдэг тул эдгээр өвчтөнүүдийн талаар бүх хүн нээлттэй байх ёстой”-г эмч нар зөвлөдөг. Стресс, амьдралд тулгарч буй аливаа асуудлын талаар эмчтэйгээ ярилцах нь таны зовлонг арилгахгүй байж болох ч сэтгэлийн түгшүүрийг багасгахад тусална.

Аливаа өвчинг даван туулахад эмч өвчтөн хоёрын аль алиных нь хичээл зүтгэл маш чухал. Харилцан нэг нэгэндээ итгэж, үйлчлүүлэгч эмч хоёр нэг баг болсноор танд үүссэн өвчний шинж тэмдгийг цаг алдалгүй дарахад туслах болно.

Тиймээс та өөрийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар мэргэжлийн эмчид хандахдаа хэзээ ч битгий худал хэлж байгаарай.


Та манай нас насны бүлэгт тохирсон багц шилжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

Гялс шинжилгээний багц

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй