Элэг Бүтэн Монгол хөтөлбөр үргэлжилж байна

Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусын халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусын архаг халдвартай 400 мянган  хүн амьдарч байна.

Засгийн газраас хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулан олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2002-2010 он, 2011-2015 он), Вируст хепатиттай тэмцэх сэргийлэх зорилтот программ (1988-2000 он), Вируст хепатитийг хянах, сэргийлэх үндэсний стратеги (2010-2015 он)-ийг хэрэгжүүлсэн.

Хепатитийн В вирусын эсрэг вакциныг 1991 оноос заавал хийх дархлаажуулалтын товлолд нэвтрүүлсэн нь бага насны хүүхдийн дунд хепатитийн В вирусын халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой болж, 2011 онд манай улс (0.58 хувь) тав хүртэлх насны хүүхдийн дунд хепатитийн В вирусын халдвар тээгчдийн тархалтыг 2 хувь хүртэл бууруулах ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зорилтыг хангасан байна. Мөн хепатитийн А вирусын эсрэг вакциныг 2012 оноос үе шаттай нэвтрүүлснээр А вируст хепатитийн өвчлөл 10,000 хүн амд 1.0 тохиолдол болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурчээ. Сүүлийн таван жилд вируст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас 6.8 пунктээр, үүний дотор хепатитийн А вирусын цочмог халдвар 10,000 хүн амд 5.3 пунктээр, В вирусын цочмог халдвар 0.2 пунктээр, С вирусын цочмог халдвар 0.6 пунктээр тус тус буурчээ. Гэсэн хэдий ч сүүлийн арван жилд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Монгол Улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа юм. Хепатитийн вирусын халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирусын архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, хепатитийн вирусын халдвар дамжих замыг таслах чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг боловсруулсан. Элэг бүтэн Монгол хөтөлбөр нь Хепатит В, С вирусийн илрүүлэг, баталгаажуулалт, идэвхжил тодорхойлох, эмчийн хяналт, эмчилгээ, эмийн хөнгөлөлт зэргийг хамруулсан маш өргөн хүрээний үр өгөөжтэй хөтөлбөр болж буйг цохон тэмдэглэх хэрэгтэй.  Одоогоор буюу 2020 оны 08 сарын 04- ний байдлаар улс орон даяар Хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд  1,107,407 иргэд, баталгаажуулах шинжилгээнд 6321 иргэд, идэвхжил тодорхойлох шинжилгээнд 167,705 иргэд тус тус хамрагдаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтаа шалгарсан 20 гаран улс, хувийн лабораториуд Хепатит В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг 2017 оноос хийж байна. Үүний нэг нь манай Гялс АУТөв бөгөөд, Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм.

2017 оны эхний хагасаас эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээг хэдэн арван мянган даатгуулагч иргэдэд хийж хариуг өгсөн байна.

Мөн үүнээс гадна манай Анагаах ухааны төв нийгмийн хариуцлагын хүрээнд, уг хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2018 оноос эхлэн Хепатит Бэ вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэж буй хүмүүстээ Хепатит Дэ вирусийн илрүүлэг 100% хөнгөлөлттэй хийлгэх урамшуулал зарлаад байна. Энэ урамшуулалд одоог хүртэл 5000 гаруй хүн хамрагдаад бай.  2020 оныг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна уг хугацаанд  хөтөлбөрийн хүрээнд үйлчлүүлсэн иргэддээ Хепатит С вирүсийн идэвхжлийг 2 шинжлүүлсэн иргэдийн 3 дахь шинжилгээг, генотип тодорхойлох шинжилгээг, Хепатит Бэ вирусийн Е эсрэгтөрөгч/эсрэгбие илрүүлэх шинжилгээг, Хепатит А вирүсийн  нийт эсрэг бие илрүүлэх  зэрэг шинжилгээнүүдэд 100% хөнгөлөлттэй урамшуулал зарлан хэрэгжүүлж байжээ. Мөн энэ оны эхний хагасаас эхлэн эдгээр иргэдэд элэгний хатуурлын зэргийг тодорхойлох скрийнинг шинжилгээний урамшууллыг олгоод байгаа. Үйлчлүүлэгч та бүхэндээ үр дүнг тун удахгүй танилцуулах болно.

Гялс шинжилгээний багц

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй