Шинжилгээний хариу гуйвуулсан тухай мэдээлэлд Гялс ХХК-ийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж байна

LIVETV.MN гэх нэртэй эх сурвалжтай ХӨСҮТ болон Гялс ХХК-г холбож, шинжилгээний хариу гуйвуулсан тухай мэдээлэл сошиал орчинд тараад байгаа нь манай байгууллагын хамтрагч, ажилчид, эмнэлэг, лабораторийн салбарынхны эгдүүцэл, бухимдлыг ихээхэн төрүүлж, үйлчлүүлэгч нарыг төөрөгдөлд оруулж буй тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

Гялс ХХК нь клиникийн лабораторийн салбарт 24 дэх жилдээ, 120 гаруй ажилтантай, 5салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй, олон улсын ISO15189 стандартыг Монголд анхлан хангасан лабораториудын нэг. КОВИД-ын цар тахал болон хөл хорионоос үүдэлтэй улс орон даяар хямралтай хүнд үед байгууллагын үйл ажиллагааг доголдолгүй, алдагдуулалгүй явуулахдаа компанийн үнэт зүйлс, ёс зүй, шударга ёс, чанар хангалтыг эрхэмлэн, Монгол улсын засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэр, шаардлагуудыг чандлан биелүүлэн ажилласан.

Гялс ХХК-ийн хувьд 2021 оны 3-р сараас өвчний тархалт, тандалтын ачаалалыг бууруулах зорилгоор Sars-Cov II PCR буюу КОВИД-ын PCR шинжилгээ хийж эхэлсэн ба 2021.2.10 Эрүүл Мэндийн Сайдын А/49 тоот тушаалын 4.1, 8.3, 8.6 тоот “эерэг буюу + гарсан сорьцыг ХӨСҮТ-ээр давхар баталгаажуулж байж, үйлчлүүлэгчид хариу олгох, Гэрэгэ систем рүү оруулах” гэсэн утгатай заалтуудыг мөрдөж ажилласан ба ингэхдээ ХӨСҮТ болон уг байгууллагын аливаа албан тушаалтантай энэ чиглэлээс гадуур аливаа ямар нэг зүй бус, ашиг хонжоо хайсан тохиролцоо, төлбөр, хэлэлцээр хийгээгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Бидний хувьд манай процессын (үйл ажиллагаа) бүх бүртгэл, мэдээлэл, санхүүгийн баримтжуулалт, шинжилгээний протокол, дотоод хяналтын бүртгэл, ажлын журнал бэлэн ба аливаа хяналт, шалгалт, үнэлгээний байгууллагад танилцуулахад нээлттэй ба аливаа нотлогдож, баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээр манай байгууллагын нэр хүндэд дахин халдах, 120 орчим ажилтны хөдөлмөр, оролдлогыг доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй ба ингэхийг оролдсон аливаа хувь хүн байгууллагатай тууштай тэмцэхээ илэрхийлж байна.

Гүйцэтгэх захирал Н. Наранбат

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй