Монгол эрчүүдэд түгээмэл тулгарч буй эрүүл мэндийн асуудал

Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал

Манай улсын хүн амын 51,4 хувийг эмэгтэйчүүд, 48,6 хувийг эрчүүд эзэлж байна. Харин эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил байдаг байна. Дундаж наслалтын зөрүү 9.4 жил байна. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.5 дахин их үзүүлэлт байна.
Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгаан:

нас баралтын түвшин

Нас баралтын шалтгааныг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад зүрхний шигдээсээр 3.1, даралт ихсэх өвчнөөр 2.3, тархины цус харвалтаар 1.7 дахин их байна
Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 3 дахин их, амиа хорлолт 7 дахин өндөр байна. Авто замын осолд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин өртдөг.
Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлж байгаа нь тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байна.
Ялангуяа эрэгтэйчүүдэд элэг, уушигны хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар илүү байна.

Эрэгтэйчүүдийн өртөх магадлал өндөр өвчлөлүүд

Уушигны хорт хавдар – Уушигны хорт хавдар бол маш хүнд явцтай явагддаг хавдар юм. Уушигны хавдар их хурдан явцтай бөгөөд ихэнхи тохиолдолд үсэрхийлж тархалт өгч хүндэрдэг. Уушигны хорт хавдрын 90% нь тамхи татдаг шалтгааны улмаас л үүдэлтэй байдаг.

*Тамхийг аль ч насанд хаяж л чадаж байвал ямарч насныхны уушигны хорт хавдрын эрсдэлийг эрс бууруулах бололцоотой.

Зүрх судасны өвчин – Цусан дахь холестерол ихэдсэнээс зүрх болон тархины судсанд холестеролын ялтас бий болон алгуур судасны бөглөрөл үүсч зүрх болон тархины судасны цусан хангамж боогдох аюул учирдаг.

*Тамхины хэрэглээ зогсоох, ядаж багасгаж эхлэх хэрэгтэй.
Идэвхитэй хөдөлгөөнтэй амьдралын хэв маягтай байх.
Өдөр болгон тогтмол 30 минут ямар нэг төрлийн идэвхитэй хөдөлгөөн хийж занших
Ханасан өөх тостой хүнс (тарган мах, тостой сүүн бүтээгдэхүүн) бага хэрэглэж, жимс ногоо түлхүү иддэг болох.

Сэтгэл санааны дарамт болон гутралд орох – Сэтгэл гутралаас болж тархины хэм болон стрессийн дааврын тэнцвэр алдагдаж, унтах хэмнэл, хоолны дуршил, энергийн чадавхи хүртэл саатдаг. Эрэгтэйтүүд уйтгарлаж уйлахын оронд ууртай түрэмгий зантай болдог. Эрэгтэйчүүд сэтгэл гутралын үед тусламж авах санаачлага гаргадаггүй. Тэд “Би сэтгэл санааны уналтанд орсон байна” гэсэн байдлаа хүлээн зөвшөөрөлгүй, нөхцөл байдлыг даван гарахын тулд маш ихээр архи хэрэглэхэд хүргэдэг.

*Хэрвээ та өөрийгөө бодон магадгүй сэтгэл гутралтай байна гэж үзвэл мэргэжилийн тусламжинд хандаж эсвэл таньтай ойролцоох хэн нэгний тусламжийг авах хэрэгтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдлын үндсэн шалтгааныг заавал тодорхойлох хэрэгтэй.

Чихрийн шижин – Чихрийн шижин өвчин эхэн үедээ өөрт мэдэгдэх шинж тэмдэггүй байдаг. Цусан дахь илүүдэл сахар нь удаан үйлчилгээтэй хор маягаар бүх биеийн цусны судасны хана болон мэдрэлийн судлуудадад нөлөөлдөг. Зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх, хараагүй болох, бөөрний дутагдалд орох болон үе мөчийг цусан хангамж боогдон үе мөч тайрах хүртэл хүндэрдэг тохиолдол элбэг байдаг.

Үнэлгээ сахарын өөрчлөлт

*Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнөөр 2-р төрлийн чихрийн шижингээс сэргийлэх бүрэн бололцоотой.
Биеийн жингийн индекс (БЖИ)

Биеийн жингийн индекс нь:
25 м/кг2 ба түүнээс их байвал “илүүдэл жинтэй”,
30 м/кг2 ба түүнээс их байвал “таргалалт”-тай гэж үнэлнэ.
Хэрэв бүсэлхий тойргийн хэмжээ нь:
Эрэгтэй – 90 см ба түүнээс их
Эмэгтэй – 80 см ба түүнээс их байвал “төвийн таргалалт”-тай гэж үнэлнэ.

Түрүү булчирхайн хорт хавдар – Түрүү булчирхай эр бэлгийн үрийн шингэн боловсрон бий болоход чухал үүрэгтэй. 40-дээш насанд энэ булчирхай нь физиологийн томролт үүсэх ба янз бүрийн шалтгааны улмаас үрэвсэж улмаар хавдар болно.

*Түрүү булчирхайн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт 40 –с дээш насанд хамрагдах /шулуун гэдэсээр хуруу үзлэг болон цусны шинжилгээгээр түрүү булчирхайн өвөрмөц антигенийг(prostate specific antigen – PSA) тодорхойлон оношилдог/.
БЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 40 гаран насандаа түрүү булчирхайн үрэвсэлээр өвдөж эхэлдэг.

Түрүү булчирхай гүйцэтгэдэг үүрэг: Үрийн шингэний суурь болж өгдөг түрүү булчирхайн шүүс ялгаруулах.
Тестостерон нэртэй эр бэлгийн даавар буюу гормон ялгаруулдаг. Энэхүү үндсэн эр бэлгийн даавар нь төв мэдрэлийн системийн бэлгийн төвүүдийн өдөөмтгий чанарыг нэмэгдүүлнэ, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ, эр бэлэг эрхтэний хөвчрөлтийн хүч ба давтамжийг нэмэгдүүлнэ.
Простагландин нэртэй маш олон тооны үйлчилгээтэй биологийн идэвхт бодисыг ялгаруулдаг. Эрхтэн хөвчрөх үед давсагны амсарыг хааж хавхлаганы үүргийг гүйцэтгэдэг.
Дотоод мэдрэлийн эсийн систем маш өндөр хөгжсөн байдаг болохоор дур тавих үед таатай мэдрэмж төрүүлдэг.

Бэлгийн замаар дамжих халдвар – 2018 онд бүртгэгдсэн БЗДХ-ын нийт тохиолдлын 57.4 хувь нь эмэгтэй, 42.6 хувь нь эрэгтэйчүүд байна. Насны бүлгийн хувьд 12.5 хувь нь 15-19 нас, 26.7 хувь нь 20-24 нас, 23.3 хувь нь 25-29 нас, 15.3 хувь нь 30-34 нас, 9.2 хувь нь 35-39 нас, бусад насныхан 13 хувийг тус тус эзэлж байна. 1991 оноос хойш Монгол улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт 268 тохиолдол бүртгэгдснээс 2018 онд 18 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 7 тохиолдлоор бага байна. Дээрх судалгаанаас харахад тухайн онд нийт халдвар авсан тоогоор эрэгтэй эмэгтэй хүмүүс ойролцоо харагдаж буй ч оношлогдож, эмчлэгддэг байдлаараа эмэгтэйчүүүд эрэгтэйчүүдийг бодвол харьцангуйгаар илүү байдаг. Харин эрэгтэйчүүд шинж тэмдэг бага болон бусад шалтгаанаас үүдээд бэлгийн замаар дамжих халдвараа хожуу оношлуулж, энэ нь өвчний хүндрэлээс үүдэн бусад олон эмгэгийн шалтгаан болж байна.

Халдварт өвчин

 

*БЗДХалдвараас сэргийлэх аргууд
Хосууд бие биедээ үнэнч байх (Бэлгийн нэг хамтрагчтай байх)
Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах
Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
Бэлгийн хамтрагчтайгаа ярилцаж, шинжилгээнд заавал хамрагдах

Бэлэг эрхтний сулрал (хөвчрөл саатах) – Бэлгийн сулрал нь маш нийтлэг бөгөөд ихэнхи эрэгтэйчүүд 40- 70 насандаа ямар нэг хэмжээний бэлэг эрхтний хөвчрөлийн сааталтай учирч байдаг байна.

Бэлэг эрхтний сулралыг зүрх судасны эмгэгийн нэг шинж тэмдэг гэж үздэг. Бэлэг эрхтний сулралыг сэргийлэх болон эмчлэх бүрэн бололцоотой.

Наад зах нь архи тамхи хэрэглэхгүй байх юм.

Осол гэмтэлтэлд өртөлт – Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 3 дахин их, амиа хорлолт 7 дахин өндөр байна. Авто замын осолд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү өртдөг. Ялангуяа 15-64 насны эрэгтэйчүүдийн дунд осол гэмтлийн шалтгаант нас баралт тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5 дахин их байна.

Элэгний өвчлөл – 2009 оны байдлаар 10 000 хүн амд элэгний өвчин эрэгтэй хүн амд 131, эмэгтэй хүн амд 158 байсан бол 2018 онд эрэгтэй хүн амд 152, эмэгтэй хүн амд 212 болж нэмэгдсэн байна. Архаг хепатит өвчин 10 000 хүн амд 2009 онд 49.9 байсан бол 2018 онд 76.7 буюу 26.8 – аар өссөн байна. Элэгний фиброз ба цирроз өвчин 2009 онд 10 000 хүн амд 52.2 байсан бол 2018 онд 56.3 буюу 4.1-ээр өссөн байна. Элэгний бусад өвчин 2009 онд 10 000 хүн амд 29.0 байсан бол 2018 онд 45.8 буюу 16.8-аар өссөн үзүүлэлтэй харагдаж байна. 10 000 хүн амд архины шалтгаант элэгний өвчин 2009 онд 13.7-тай, 2017 онд 7.1-тэй байсан бол 2018 онд 5.3 болж 1.8-аар буурсан үзүүлэлттэй байна.

*Вирүст хепатитийн шинэ халдвараас доор байдлаар сэргийлж болно.
Дархлаажуулалт
Халдварын сэргийлэлт, хяналт (тарилгын ба цусны аюулгүй байдлыг хангах)
Бэлгийн замаар халдвар дамжихаас сэргийлэх
Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэдэг хүмүүсийн хорт зуршлыг багасгах
Эхээс хүүхдэд цусаар халдвар дамжихаас сэргийлэх

Эх сурвалж: https://www.mohs.mn/

ХОЛБООТОЙ: Эрчүүдийн эрүүл мэндэд халтай анзаарч байх шаардлагатай 10 шинж тэмдэгүүд

Гялс шинжилгээний багц

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй