“ЛАБОРАТОРИЙН ОНОШИЛГООНЫ ДЭВШИЛ-9” сургалт семинар зохион байгуулагдлаа

“Гялс” ХХК нь 1997 оноос “Лабораторийн оношилгооны дэвшил” сургалт, семинарыг хийж ирсэн бөгөөд энэ жилд ес дахь удаагаа хийж байгаадаа баяртай байна.

Хоёр жил тутам болдог  энэхүү сургалт, семинараар Монгол Улсад лабораторийн тусламж үйлчилгээг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, дэлхий дахинд гарч байгаа дэвшил, лабораторийн үйлчилгээг эмнэл зүйгээс бусад салбарт хэрхэн ашиглаж байгаа ба өөрсдийн туршлагаа хуваалцаж ирсэн сайхан уламжлалтай билээ.

2019 оны сүүлээр анх бүртгэгдсэн КОВИД-19 (COVID-19) вирүсийн халдвар цар тахал хэлбэрт шилжиж ДЭМБ-ын вэб хуудсанд мэдээллэснээр 2021 оны 8 сарын 11-ны байдлаар дэлхий дахинд нийт 203,944,144 КОВИД-19 тохиолдол бүртгэгдсэнээс 4,312,902 (2%) тохиолдол нь нас барсан, 4,394,596,684 хүн вакцинд хамрагдаад байна гэж мэдээллэжээ. Мөн энэ хугацаанд Монгол Улсад нийт 176,993 КОВИД-19 тохиолдол бүртгэгдсэнээс 863 (0.49%) тохиолдол нь нас барсан байна.

КОВИД-19 (COVID-19) вирүсийн халдвар цар тахал хэлбэрт орж хүн төрөлхтний амьдралын хэв маяг зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатайг харуулахаас гадна, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах боловсон хүчнийг хөгжүүлэх болон хөдөлмөрийн үнэлэмж буруу байгааг харуулж, халдварт өвчний оношилгоонд лабораторийн тусламж үйлчилгээ тэр дундаа молекул биологийн аргад суурилсан оношилгоо нэн шаардлагатайг мэдрүүлж байна.

Энэ хүнд сорилтыг даван туулахад оношилгоо, судалгаа-шинжилгээний лабораториуд чухал үүрэг гүйцэтгэж шинэ тохиолдлыг эрт оношлох, шинэ оношлуур, вакцин, болон эм гарган авч байна.

Тиймээс бид энэ сургалт-семинараар лабораторийн тусламж үйлчилгээг сайжруулахад шаардлагатай ISO стандартууд (ISO MNS 17025:2017, ISO MNS 15189:2012, ISO MNS 17020:2012, ISO MNS 17043:2010,  ISO 17034:2016 )-ыг танилцуулах, чанарын гадаад үнэлгээний үр дүнг хэрхэн үнэлэх болон судалгаа-шинжилгээний лабораториуд хэрхэн ажилладаг болох талаар ярилцаж туршлага солилцлоо.

 

Бидний ажлыг дэмжин сургалт, семинарын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн “Гялс -Био” ХХК, “Медклийн” ХХК хамт олон болон “РАНДОКС” ХХК, “Вест Медика” ХХК, МАУА-ны дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлье.

“Гялс Анагаах ухааны төв”-ийн Гүйцэтгэх захирал

Анагаах ухааны доктор, дэд профессор Н. Наранбат

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх үед таны и-мэйл хаяг харагдахгүй